­

БЗД-ийн боловсролын салбарынхны хандив тусламжийг 4 дүгээр сарын 29, 30 - ны өдрүүдэд 97 дугаар сургууль дээр хүлээн авна.

Хүнстэй богц” аян БЗД-ийн ЭМТ-ийн 2017 оноос хойш зохион байгуулж буй зургаа дахь үйл ажиллагаа “Хүнстэй богц” аяны талаар сүржин гарчигтай, олон мэдээлэл цахим ертөнцөөр түгсэн өдрүүд өнгөрч байна. Энэхүү аяныг бага насны хүүхдийн эндэгдэлтэй холбон мэдээлж буй зарим нэг нь байхад нөгөө хэсэг нь улс төр, хувийн ашиг сонирхлоор харж, харлуулах гээд байгаа хүмүүс ч байна. Бид 300-аад айлд амьдарч байгаа 1000 орчим хүүхдийн асуудлыг ярьж байхад нэг тохиолдлыг тойрч мөн, биш гэж маргаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн явдал боллоо. Гэхдээ энэ аян бол амжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг өвчлөхөөс сэргийлэхийн тулд хийж байгаа ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн төвүүдэд Нийгмийн эрүүл мэндийн алба гэж бий. Энэ албанд ажиллаж буй мэргэжилтнүүд нийгмийг эрүүлжүүлэх ажлыг гардан хийх үүрэгтэй. Үүргийнхээ хүрээнд тэдгээр айл, өрхийн хаяг, хувь хүний мэдээллийг олон нийтэд ил болголгүй, нийгмийн эмзэг бүлэг гэгдэх болсон хүмүүст өөрсдийн чадах чинээгээр тусламжийн гараа сунгаж байгаа нь энэ. Нөгөө талаар халамжийн бодлого нь зөв хүндээ, цаг тухайд нь шуурхай хүрэх нь л чухал болоод байна. Хүүхдийн эргэлтээр айл өрхүүдээр явж байгаа эмч, мэргэжилтнүүд маань савангүй айлд ороод гараа угаа, хоол, хүнсгүй гэрт байгаа хүмүүст дархлаагаа дэмж, эрүүл зөв хоолло гэж хэлэх гэхээр ам нь ивлэхгүй, чадахгүй байна гэдгээ ч учирлаж байна. Ийм нөхцөлд эдгээр хүмүүсээ орхигдуулж болохгүй шүү дээ. Эцэстээ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад л бидний зорилго оршиж байгаа. Хариуцсан дүүргийнхээ иргэдийн дунд байгаа амьдралын боломж нөхцөл тааруу хүүхдүүдэд анхаарал тавьсных нь төлөө, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийхээ үүргийг биелүүлж яваа залуусыг цагдаагийн байгууллагын нэр барьж айлгаж эхэллээ. Эмзэг дүүрэгт ажилладгаасаа бид ичихгүй, харин ч нийгмийн анхаарал халамжинд оруулж чадахгүй, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлаа хийж чадахгүй бол бид ичнэ гэсэн зарчимтай ажилладаг. Энэ зөв мөрөөдөлтэй залуусыг минь хүний төлөө сэтгэл гаргаж зүтгэж байхад нь сүржигнэж бүү дарамтаар мохоогоосой гэж хүсч байна. Бид энэ аяныг 6 дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь хийж байсан цаашдаа ч хийх л болно. Дээрх үйл ажиллагааг өвлийг угтаж зохион байгуулдаг байсан хэдий ч энэ удаад сургууль, цэцэрлэгийн карантитай холбоотойгоор гэртээ өдрийг өнгөрүүлэх болсон хүүхдүүдэд зориулан дахин зохион байгуулж байгаа юм.

Хаврын тарчиг цагт өвчлөлөөс сэргийлж, дархлааг нь дэмжихэд хувь нэмрээ оруулж буй энэхүү үйл ажиллагаанд олон хүн нэгдэж, тусламжийн гараа сунгаж байгаад талархаж байна.

 Сайн үйлс дэлгэрч, Монголын бяцхан үрс эрүүл өсөн торних болтугай.